Шүд авалт
Шүд хэсгийн мэдээ алдуулалтын дор авах бөгөөд тухайн шүдний цоорлын хэмжээ, хана, гадаргуугийн бүрэн бүтэн байдал зэргээс шалтгаалан эмч бахь болон бусад шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг ашиглан шүдний авдаг.
Зарим тохиолдолд тухайлбал шүдний сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд ястай нягт наалдсаны улмаас болон шүд цоорлын улмаас үйрч бутран барих ханагүй болсон тохиолдолд өрмийн машин ашиглан шүд яс хоёрын завсраар зай гарган авдаг.
Шүд авхуулсны дараа шүдний ором нь цусаар дүүрч энэ нь яваандаа буйлны эдийг үүсгэн эдгэрэлт явагддаг. Харин шүд авхуулсны дараа олон төрлийн шалтгаанаас үүдэн шүдний ором нь цусаар хангалттай дүүрээгүй тохиолдолд шүдний оромны үрэвсэл болон өвдөлтийг бий болгодог.
Энэ үед үйлчлүүлэгчид үргэлжилсэн өвдөлт өгөх бөгөөд үрэвсэл намдаах антибиотик эмчилгээнд өвдөлт намдахгүй бол шүдний ормыг цэвэрлэнэ. Учир нь шүд авхуулсан ором нь цусаар дүүрээгүйн улмаас ором хоолны үлдэгдэл зэрэг зүйлсээр бохирлогдож үрэвслийг нэмэгдүүлнэ.
Мөн нөгөө талаас шүд авхуулсан оромноос их хэмжээний цус гарч, цус тогтоох марлан шарик зуугаад тогтохгүй тохиолдолд оёдол тавих шаардлага гарна. Тухайн оёдол нь үйлчлүүлэгчдэд ямар нэг сөрөг нөлөөгүй бөгөөд оёдлын утас 7 – 10 хоногт аманд хайлж унана. Мөн шүд авхуулахын өмнө болон дараа антибиотик эмчилгээ хавсран хийх эсэхийг эмч тухайн шүдний үрэвслийн байдлаас шалтгаалан шийдвэрлэх бөгөөд үйлчлүүлэгч зөвхөн эмчийн зааврын дагуу эм хэрэглэнэ.
Эмийн санч эмч биш гэдгийг санах хэрэгтэй.
Агт араа шүд нь эрүү, хоншоорын ясанд ургах зайгүй, мөн тухайн шүд нь буруу байрлалтайгаас үүдэн саатах тохиолдол элбэг байна. Энэ тохиолдолд саатсан байдлаас шалтгаалан олон төрлийн аргаар авна. Харин агт араа шүдний байрлал хэвийн хэдий ч ургах явцад зовиур, үрэвсэл өгч буй тохиолдолд буйлыг зүсэх арга хэмжээ авна.