Хүүхдийнхээ шүдийг цооролгүй, эрүүл өсгөхөд нууц жор байхгүй.

Өөрөө хүүхэдтэй болохоосоо өмнө эцэг эхчүүдийг хүүхдийнхээ шүдийг угаа, угаалга, арчил гэж хий дэмий зөвлөдөг байлаа.

Өөрөө хүүхэдтэй болоод хэцүүг нь мэдэрсэн. Гэхдээ шийдэж, хэрэгжүүлж болохгүй зүйл биш юм.

Бэрхшээлтэй зүйлс болон арга замуудыг яривал:

1.Хүүхдийн шүд угаана гэдэг чинь жинхэнэ алаан байхгүй юу😂

💡Үнэхээр угаалгадаггүй юм байна билээ, аманд нь сойз хийхээр л дургүйцэж уйлна, хажуугаас аав нь хүүхэд битгий уйлуул гэнэ. Хөгшчүүл хоёрхон шүдийг юуг нь угаадаг юм гэнэ. Гэхдээ би өөрөө салбарын хүн болохоор хүүхдийн шүдийг жоохон л хайхраагүй улмаас эрүү, нүүр нь хавдаж хагалгаанд орон зүсүүлж, боолгохыг үзсэн болохоор үнэхээр цоорвол яана гэж айж явдаг.

💡Шүдний эмчийн хүүхэд ч байсан шүдийг нь угаахад уйлдаг учир зүгээр л үргэлжлүүлэн угаа. Ингэхдээ зургаар оруулсан байрлал хамгийн тохиромжтой бөгөөд эсэргүүцсэн тохиолдолд хөлөөрөө мөр болон гар дээр дарахад хөдлөхгүй, ингэснээр таны гар хальтарч буйлыг өвтгөхгүй. Мөн шүднүүд бүгд харагдах ба угаахад маш эвтэйхэн, 1минут ч хүрэхгүй. Мэдээж ээж нь, аав нь гээд дотны хайртай хүмүүс нь угааж байгаа учир аажим аюулгүй, өдөр тутам хийдэг зүйл гэдгийг мэдэж эсэргүүцэхээ больдог. Харин өнжих, хааяа яршиг гээд болиход танай гэр бүл болон хүүхдэд тань дадал үүсэхгүй. Хүүхдийн нас бага, шүд угаах талаар ойлголтгүй, ач холбогдлыг мэдэхгүй үед бид дадал болтол нь уйлахаас айхгүй угаах хэрэгтэй. Миний бодлоор эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ уйлахаас айж шүдийг нь угаахгүй атлаа шүд угаахаас хэцүү ажилбар болох шүд эмчлүүлэх ажлыг эмчид даалгаад, эмчийг хүүхэд загналаа, хүүхэд зовоолоо, зарим нь яргаллаа гэж хэлдэг нь үнэхээр харамсалтай. Угаасан бол цоорохгүй…

Одоо манай охин шүдээ маш сайн угаадаг бөгөөд замд унтаад угаахгүй унтсан өдрийнхөө маргааш харамсаж ярьдаг.

2.Хүүхдийн шүд үнэхээр амархан цоордог.

💡Би гэхдээ шүдний эмч боловч төгс төгөлдөр ээж бас бишээ, учир нь манай охины үүдэн 3шүд нь багахан хэмжээний өнгөц цоорлын толботой. Маш хурдан, амархан цоордог юм билээ. Охин маань 11сартайдаа гүйлгэж, бөөлждөг ханиад тусаад юун шүд угаах, шингэний дутагдалд орж эмнэлэгт хэвтсэн. Байнгын халуурч уйлагнаж байх 3хоногт бид 2 шүдээ огт угаагүй. 3хоногийн дараагаас бие сайжирч шүдийг нь хартал цоорлын цагаан толбо үүссэн байсан. Ингээд хар түрхлэг түрхэж, надад насан туршид минь сануулсан цоорлын толбо бий болсон. Одоо гэхдээ өдөр тутам угаагаад байдаг учир дээрх толбоос бусдаар эрүүл байна.

3.Шүдний ооны зохимжит хэмжээ мөн чухал.

💡Заримдаа бага зэрэг ахиухан шүдний оо тавиад угаалгахад хүүхдийн хэл, завьж яг бид нарын хорсдогтой адил хорсон өвддөг тул уйлаад угаалгахаа больдог.

4.Өөрөө угаана гэж зөрүүдлэнэ.

💡Хүүхэд бүр л бүгдийг өөрийнхөөрөө хийх дуртай байдаг. Иймд эхлээд өөрөөр нь дараа нь бид угаах хэрэгтэй. Хүүхэд үзэг бүрэн барьж сурах буюу 8наснаас хойш л өөрөө бие даан шүдээ угаах чадвар суудаг. Иймд 8нас хүртэл нь шүдийг нь хамт угаагаарай.

5.Хүүхэд гэлтгүй бид хүртэл байнга сонголт хийж тухайн зүйлдээ дурладаг. Би охиндоо 2-3төрлийн сойз авч өгч өнөөдөр аль сойзоор угаахыг өөрөөр нь сонгуулахад хүүхэд дуртай, идэвхитэй угаадаг.

6.Аав нар бараг л оролцохгүй.

💡Хүүхдээ уйлахыг харах ээжээс нь илүү хэцүү байдаг юм байна гэж бодсон. Гэхдээ заавал оролцуулж байгаарай, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаас гадна хүүхэд өөрийгөө хайран дунд өсөж байгаагаа мэдэрнэ. Мөн өөрсдөө адилхан угаах хэрэгтэй. Томчууд шүдээ угаахгүй байхад хүүхэд юу гэж угаах вэ, биднээс л үлгэрлэнэ.

7.Youtube-ийг хүүхдэд ашигтайгаар хэрэглэх.

💡Youtube бага хэмжээгээр хүүхэд бүр үздэг. Ингэхдээ шүд угааж буй бичлэг, дуу, зарим influencer хүүхдүүдийн шүдээ эмчлүүлж буй зэргийг үзүүлэх маш үр дүнтэй. Мөн өөрт тань авахуулсан шүд байвал шүдээ угаахгүй удсан чинь хорхой идээд байхгүй болсон гэж хэлээрэй, үнэн шд угаасаа😂 бодит байдлыг нүдээрээ хүүхэд хараад маш сайн ойлгоно.

8.Элдэв үнэтэй оо, түрхлэг, витаминаас илүү өдөр тутмын шүд угаалт чухал.

💡Танай гэр бүл өдөр тутам шүдээ угаахгүй бол хэдэн зуун саяар ч оо, түрхлэг, витамин авч хэрэглээд нэмэргүй. Би шүд угаадаггүй хүмүүст угааж сураад дараа нь түрхүүлэхийг зөвлөдөг. Бид түрхээд л байвал эмч түрхсэн хэмээн найдаад угаахгүй байдаг юм. Учир нь шүд цоорлын анхдагч шалтгаан бол хоолны үлдэгдэл, өнгөр шүдэнд наалдах бөгөөд хэн, хэдэн настай, юу идэж ууснаас үл хамааран өнгөр заавал үүсдэг.

Иймээс шүдийг цооролгүй, эрүүл байлгах нууц жор байхгүй бөгөөд өдөр тутмын шүд угаалт юм.

/Үргэлжлэл бий, угаагаад байхад шүдний завсраар цоорол үүсэх/

Subscribe
Notify of
guest

0 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments